Хэдийгээр танай хүүхдийн сүүн шүд тодорхой хугацааны дараа байгын шүдээр солигдох хэдий ч түүнийг зөнд нь орхичихож болохгүй бөгөөд цоорол үүсэхээс урьдчилан сэргийлэх нь чухал. Балчир болон хөлд орж буй насны хүүхдийн шүдний цоорлыг угжны цоорол (Baby Bottle Tooth Decay) эсвэл эрт үеийн шүдний цоорол (Early Childhood Caries) гэж нэрлэх нь бий.
Хүүхдийн шүд эрүүл, бат бөх байх нь хоол хүнсийг сайн зажлаж идэх, үг авиаг зөв тод хэлэх, инээхэд чухал өнөлөөтэй юм. Хүүхдийн сүүн шүд эрүүл бол байнгын шүд эрүүл зөв шүдлэнэ. Энэ нь нялх хүүхдүүдийн амны хөндийн арчилгааг зөв хийх нь байнгын шүд эрүүл зөв шүдлэхэд тусалдаг болохыг харуулна.
Угжны цоорол гэж юу вэ?
Хүүхдийн угжны цоорол нь түүний үүдэн бүлэг шүднүүд тэр чигтээ цоорсон байдлаар мэдэгддэг ч үзлэгээр бусад шүднүүд нь ч мөн цооролд өртсөн болохыг илрүүлдэг.
Угжны цоорол үүсгэх маш олон шалтгаан бий. Нэг томоохон шалтгаан нь сахар агуулсан сүүн тэжээлийг удаан хугацаанд хүүхдийн аманд байлгах юм. Энэ нь хүүхдийг угж хөхүүлж унтуулах аль эсвэл тайвшруулах зорилгоор аманд нь соосго хөхүүлэх зэрэгт үүсдэг.
Шүдний цоорол үүсгэгч эрсдэлт нянгууд ихэнхдээ эхний удаа эхийн амнаас шүлсээр дамжин хүүхдэд дамжин халдварласан байдаг. Хүүхдийн хоолны халбага эсвэл соосго зэргийг эхчүүд амандаа хийсний дараа хүүхдэдээ хөхүүлэх, хоолыг амандаа хөргөж өгөх, хатуу хоол хүнсийг зажлаж өгөх зэрэгт эхийн амнаас цоорол үүсгэгч нянгууд хүүхдэд дамжин халдварладаг.
Хэрэв танай хүүхэд фторын орц нормыг хангалттай хэмжээнд авч чаддгүй бол шүдний цоорол үүсэх магадлал төдий хэрээр нэмэгдэнэ гэсэн үг юм. Хэдийгээр угжны цоорол үүсэх магадлал өндөр байдаг ч түүнээс сэргийлж болдог нь сайн талтай юм.
Угжны цоорлоос хэрхэн сэргийлэх вэ?
Хамгийн чухал нь хүүхдэдээ шүдний цоорол үүсгэгч нян халдаахаас сэргийлж байх хэрэгтэй. Иймд хүүхдийн хоол иддэг халбага, сэрээ, угж, соосго зэргийг амандаа хийхээс зайлсхийж хоолоо идсэний дараа маш сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй.
Хүүхдийн сүүн шүд нь дөнгөж цухуйснаас нь авхуулаад 3 нас хүртэл хүүхдэд тохирсон жижиг шүдний сойзоор фтортой оог маш бага хэмжээгээр (цагаан будуу, буудайн ширхэг шиг) тавьж шүдийг нь угааж өгч байх нь чухал.
3-6 насны хооронд фтортой ооны хэмжээг жаахан нэмж вандуйны хэмжээтэй оо түрхэж шүдийг нь угааж өгч байх хэрэгтэй.
Хүүхдийг болж өгвөл хөхөөр хоолох нь чухал. Хүүхдийн угжинд чихэртэй ус, жүүс, ундаа хийж угжихаас аль болох зайлсхийх нь чухал.
Хүүхдийг угж өгч унтуулах биш унтахаас нь өмнө угж хөхүүлж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань соосго хөхдөг бол түүнийг нь байнга сайтар цэвэрлэсний дараа аманд нь хийж байх хэрэгтэй бөгөөд сахар болон зөгийн баланд дүрж огт болохгүй.
Эхний төрсөн өдрийг нь далимдуулан хүүхдээ аягаар хоол иддэг болгохыг зорих хэрэгтэй. Хүүхдээ багаас нь эрүүл зөв хооллох хэвшилд сургаж өгөх нь чухал.
Ер нь хүүхдийнхээ анхны шүд цухуймагц хүүхдийн эмч дээр очиж хүүхдийн эрүүл мэндийн байдлыг шалгуулахын зэрэгцээ шүдний эмчид авч очиж эмчийн хяналтанд оруулан хүүхдийн шүдний арчилгаа, эрүүл зөв хооллолтын талаар зөвлөгөө авах нь чухал.