Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Та хүүхэдтэй болохоор шийдсэн бол

1391

Жирэмсний явцад амны хөндийгөө арчилж эрүүл байлгана гэдэг бол таны хувьд хоол идэх дур нэмэгдэж өлсөх, өглөө дотор муухайрах жирэмсний хордлоготой харьцуулбал тийм ч чухал биш мэт санагдаж байж болох юм. Гэвч мэргэжлийн судалгааны байгууллагууд жирэмсний явцдаа амны хөндийн эрүүл мэндийг сахин хамгаалах нь ирээдүйд төрөх хүүхдийн эрүүл мэндэд маш чухал зүйл юм гэдгийг тогтоосон байдаг.

Та бол хүүхдэдээ амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болоход нөлөөлж чадах хамгийн гол хүн юм. Иймд өөрийн амны хөндийн эрүүл мэндийг байнга тордон арчилах нь ирээдүйн хүүхдийн тань шүдний цооролд өртөх магадлалыг тэр хэмжээгээр буулгаж өгнө гэдгийг ямагт санаж байх нь чухал.

Хэрэв та хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол юуны урьдаар шүдний эмчид очиж амны хөндийн иж бүрэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Жирэмсний явцадаа шүдний эмчийн хяналтанд тухай бүрт нь шүдний эрүүл мэндийн үйлчилгээ авч байх хэрэгтэй.

Хэрэв та нэгэнт жирэмсэн болчихсон байгаа бол шүдний эмчид очихоос бүү зайлсхийгээрэй. Таны шүд болон буйл эрүүл байх нь маш чухал асуудал юм шүү. Шүдний эмчтэйгээ зөзвлөж хэдийд үзлэгт хамрагдахаа төлөвлөх хэрэгтэй. Ихэнх шүдний эмч нарын хувьд жирэмсний эхний 3 сараас хойш цаг өгөх болов уу. Учир нь энэ үед ихэнх эмэгтэйчүүдийн жирэмслэлтийн хордлого хэвийн болдог.



Коммент

avatar