Хүүхдийн шүдний эрүүл мэндийн өнөөгийн нөхцөл байдал

Эцэг эхчүүд та бидний завгүй амьдралын өнөөгийн хэмнэл дунд хүүхдийн эрүүл чийрэг өсөж торниход зайлшгүй шаардлагатай зүй ёсны анхаарал халамж дутагдсанаас хүүхдийн тань эрүүл мэнд золиослогдож ирээдүйн амьдралд нь хор хөнөөл тарих эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэгч чимээгүй тахалд нэрвэгдсэн байгааг та анзаарч байна уу. Хүүхдийн шүдний өвчилөл..!!?

Мэргэжлийн судалгааны байгууллагын тандалт судалгаагаар Монгол улсын хэмжээнд хүүхдийн шүдний өвчлөл өргөн хүрээнд тархсан байгаа нь Эрүүл мэндийн салбарын бас нэгэн тулгамдсан асуудал болж байна.

Хүүхдийн шүдний өвчлөл нь хүүхдийг нас биед хүрсэн хойно нь халдварын түгээх архаг голомт болон хувирч эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнийг үүсгэгч сэдрээгч хүчин зүйл болж өгч байгаагаараа хүний бүхий л амьдралын туршид эрүүл мэндэд нь нөхөж баршгүй гарз хохирол учруулагч чимээгүй тахал юм.

Шүдний өвчнөөс сэргийлэх эрүүл амьдралын дадал зуршлыг хүүхдэд нялх балчир наснаас нь эхлэн зааж сургах нь хүүхдийн ирээдүйн амьдралд олон төрлийн хүндрэл бэрхшээл учруулах энэхүү хөнөөлт тахалаас аврах хамгийн хямд бөгөөд хамгийн зөв гарц юм.

Shud.mn сайтын зүгээс хүүхдийн шүдний өвчлөлийг тусгайлан авч үзэж эн тэргүүнд анхаарал хандуулах чухал асуудал гэж үзсэний учир мэдээллүүдээ нэгтгэн тусгай товхимол болгон гаргаж байна

Хүүхдийн шүд хорхойтох өвчин

1940

Нялх хүүхдийн шүд дөнгөж цухуйсан цагаасаа л шүд хорхойтох өвчинд нэрвэгдэх эрсдэл дунд байдаг гэдгийг сайтар санаж байх нь чухал. Хүүхдийн шүдийг гэмтээж үүсгэдэг өвчнийг хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин (Early Childhood Caries) гэж олон улсад нэрлэдэг. Та бүхэн гадаад эх үүсвэрээс мэдээлэл авч байх үед ECC гэсэн товчилсон томьёолол гарвал тэр нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчний товчилсон нэршил юм.

Хүүхдийг эрт үеийн шүд цоорох өвчинөөс сэргийлэхийн тулд дараах зүйлсийг баримтлах нь чухал

  • Хэрэв хүүхэд тань шүдэлсэн бол шөнө унтах үед нь ойрхон давтамжтай хөхөөр хооллох, сүү болон чихэр агуулсан нэмэлт тэжээл, жимсний шүүс агуулсан ундаа зэргийг агуулсан угжаар угжиж унтуулахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хүүхдийн амны хөндийд байх нян бактериуд нь тухайн угжны сүүнд байх чихрээр хооллосны улмаас хүчил ялгаруулж уг хүчил нь хүүхдийн шүдний гадаргууг түлж гэмтээснээс хүүхдийн шүдний цоорол үүсэх шалтгаан болдог.
  • 1 настайгаас нь хүүхдээ зориулалтын аягаар юм уулгаж сургах хэрэгтэй
  • Хүүхдээ унтахаар хэвтэх үедээ орондоо угж хөхөхийг бүү зөвшөөр. Хүүхдийг биеэ даахтай болмогц унтах үед нь ам цангавал уулгах зорилгоор угжинд нь цэвэр ус хийж тавьж болно.
  • Хэрэв хүүхэд чинь унтахдаа заавал ямар нэг юм хөхөж унтахгүй бол уйлагнаад байдаг бол угжны оронд соосго хөхүүлсэн нь дээр.
  • Хэрэв хүүхэд тань унтахдаа заавал хөхөө хөхөх юмуу угж хөхдөг зуршилтай бөгөөд өөр зүйлд сатаардаггүй бол хөхөө хөхүүлэх болон угжийг аманд хийхийн өмнө усаар норгосон хөвөнгөөр шүднүүдийг нь сайтар цэвэрлэж өгөх хэрэгтэй.
  • 1 ой гарантай хүүхдийг өдөр ч шөнө ч хөхөөр эсвэл угжаар хооллох нь хүүхдийн эрт үеийн шүд цоорох өвчин үүсэхэд нөлөө үзүүлнэ. Хүүхэд тань заавал шөнө хөхөөр хооллох шаардлагатай байгаа эсэх талаар эх хүүхдийн эмчид хандаж зөвлөгөө авж болно.
  • Хүүхдийг ойр ойрхон хөнгөн чанарын идэх юм өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Өдөрт 3 удаагийн хоол 2 хөнгөн чанарын идэх юм өгөхөд хангалттай гэж үздэг.   
  • Хэрэв хүүхдийн тань шүлс ялгаралт багассаны улмаас ам хуурайших хандлагатай бол энэ нь эрт үеийн цоорол үүсгэх маш том эрсдэлт хүчин зүйл болно. Иймд хүүхдийнхээ амыг хуурайших хандлагатай гэж таамаглаж байгаа бол хүүхдийн эмч болон шүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал
  • Мөн манай сайтын хүүхдийн амны эрүүл ахуй буланг үзэж хүүхдийн шүдийг хэрхэн угааж өгөх, амны хөндийн эрүүл ахуй хэрхэн сахих талаарх мэдээллийг уншина уу


Коммент

avatar